Рои Чапмен Андрюс - Монголын Тал Нутгаар

| ангилал | 1 сэтгэгдэл |

Энэ гайхалтай бүтээлийг уншилгүй явсандаа, уншаад бусадтай хуваалцаж амжилгүй явсандаа харамсаж байна.
Уг нь бол зүгээр л Монголын талаар бичсэн замын тэмдэглэл. Гэхдээ тэр тусмаа элдэв үзэл бодлын хачир зүйлтгүй, дотор нь байгаа гайхалтай зурагнууд шигээ шууд л толгойд үлдсэн.
20-р зууны босгон дээрхи Монголын аж байдлыг, тухайн үед шинээр хүчирхэгжиж байсан Америкийн нүдээр харахад сонирхолтой байх болов уу. Харин номын нэлээд хэсэг нь ан авд зориулагдсан нь харамсмаар бас бахадмаар.
Дам сонсохнээ Монгол хэлээр орчуулагдсан эсвэл орчуулагдаж байгаа гэсэн. Олж уншихад илүүдэхгүй.


Дашрамд, Рои Чапман Андрюс гэгч чинь бидний мэдэх Индиана Жонс -н амьд дүр нь юм билээ.

Захидал (Баабар - ХҮЧИРХЭГ ТӨР ЗӨВ МЕХАНИЗМТАЙ БАЙХ ЁСТОЙ)

| ангилал | 0 сэтгэгдэл |

http://baabar.niitlelch.mn/content/2930.shtml

Хүчирхэг төр, сайн механизмтай төрийн тухай саналаа дэлгэсэн ноён Баабарын нийтлэлд хариу бичих хэрэгтэй санагдлаа.

Төр хэмээх хүчирхэг нийгмийн аппарат үүсээд олон зуун жил болсон ч гэсэн өнөөгийн төр гэгдээд байгаа ардчилсан нийгэм дэх төр бол нялх хэвээрээ юм. Өмнөх төр нь яг л Бастиагийн хэлснээр бусдын хөлс хүчээр амьдрагсдын цуглуулга байсан нь гарцаагүй. Энэ нь ч зөв юм. Хэн хүчтэй нь төрийг бий болгож, бусдаар хүндлүүлж, татвар/хураамж цуглуулж түүгээрээ эрх ямбыг эдлэнэ. Харин үүнийхээ хариуд бусдыгаа хамгаална. Энэ мэдээж нийгмийн хамгийн энгийн томьёонуудын нэг.

Дарангуйлагч төр бол дорнын соёл иргэншлийн онцгой шинж чанар гэж бодогддог. Дарангуйлагч гэхээсээ илүү, нэгдмэл нэг цул гэж хэлж болох юм. Бүх зүйл төрийн хараанд, төрийн мэдэлд, төрийн ивээлд. Хятадууд ч мөн адил сэтгэлгээтэй. Япон ч, Солонгос ч,Зүүн-Өмнөд Азийн олон орон мөн ялгаагүй. Ийм учраас бид ЭВ-Нэгдэл гэдэг үгийг Эрх-Чөлөө гэдэг үгнээс эрхэмд үздэг. Ийм учраас бид ТӨР гэдэг зайлшгүй хэмээн итгэдэг.

Өнөөгийн төр юугаараа ялгаатай тухай ноён Баабар өгүүлжээ. Гэхдээ дахин бодоод үзье: Мэдлэгтэй чадвартай нараа сонгоод, татварын мөнгөөр цалинжуулаад байдаг үндсэн томьёонд онцгой өөрчлөлт харагдахгүй байна. Тодрох ялгаа нь: төрд гарсан нэгнээ заавал бослого, хядлагагүйгээр буулгаад авч болдог болсонд л байгаа болов уу.

Энэ нийтлэлээрээ ноён Баабар төрийг бузар булайгийн үүр гэхгээгүйг ойлгож байна. Гагцхүү зөв механизм хэрэгтэйг сануулж байна. "Цагийн зүү шиг". Үүн дээрээ өнөөдрийн Монголд байнгын асуудал болсон авилга, хүнд суртлуудыг дурдаж алдаатай механизмаас үүдсэн муу муухайг жагсаажээ.

Харин би ийм бодолтой байна.
Төрд "цагийн зүү" мэт механизм, луужин шиг чиглэл байх учиргүй. Гадаад дотоод эдийн засаг, технологи гээд хүн нь хүртэл хувьсан өөрчлөгдөж байгаа орчинд төгс функц гэж байхгүй.
Чиглэлгүй болоод тодорхой механизмгүй гэхлээр хэн хүнд ч тэнэг санагдах нь ойлгомжтой хэрэг. Гэвч, хүний нийгмийн хувьд, асуудлыг компютер, сканнераар шийддэг бус, үргэлж динамик хувьсамтгай, органик байх нь зүйн хэрэг гэж бодогдож байна.Сүрэг галуу өмнийг зориход, тодорхой чиглэл, аюул тохиоход шийдэх механизм хэрэгтэй. Гэтэл бүтэн нийгэм гэдэг бол ондоо зүйл.

Төрийн төлөө, бүхний эрх ашгийн төлөө гээд улаан тугаа намируулаад байгаа нь өөрөө луйварчин гэж хэлж байна. Үнэхээр, ардчилсан бай, диктатурт бай, омгийн зохион байгуулалттай бай, бусдын сайн сайхны төлөө гэж төрд зүтгэх хүн олдохгүй. Тийм юм бол авилга, эрх ашгийн зөрчлийг яаж алгах болгох билээ. Ямар ч механизм байлаа гэсэн, ТӨР гэдэг бол нэгэн том аппарат. Төрийн гурван эрх мэдэлд салгаж хуваалаа ч гэсэн хяналтгүйгээр авилгал явагдах боломж дүүрэн байна. Тэгхээр энэ механизмын алдаа биш.

Хөл бөмбөгийг олон хүн үзэх дуртай. Тамирчдын ур чадвар, талбай дээрхи зохион байгуулалт нь сонирхол татахаас гадна, бороо цаснаас эхлээд хөгжөөн дэмжигчид, шүүгчийн үзэл бодол гээд эл тоглолт явагдах орчин тоглоомын үр дүнд маш том өөрчлөлт оруулдаг, амьд спорт учраас юм болов уу.
Хүний нийгэм мөн адил. Эрх баригч намын, хүний, тэдний эхнэр хүүхэд ч хүртэл төрийн чиг баримжаанд нөлөөлдөг байх ёстой. Үүнийг ил тод хэлэхэд инээдтэй ч, хэзээд ийм байсаар ирсэн. Ингэж байж, адгуусны бус алгоритмын бус хүний нийгэм хэмээгдэх бизээ.

Харин эл нийтлэлийн гол санаа болсон: зүйт төрийн тухай ганцхан санал байна.
Энэ бол боловсрол. Юу гэж хариулж, юу гэж асуухыг заадаг боловсрол бус өөрөөр бодож, өөрөөр хариулахыг таниулдаг боловсрол хэрэгтэй. "Олон бодлын дундаас чөлөөтэй сонгох боломж нэмэгдэхийг жинхэнэ хөгжил" гэдэг.
Боловсролтой монголчуудыг бэлтгэхэд авилгал том саад болохгүй гэж боддог. Боловсролтой иргэд бол төрийн ямар ч механизмд өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болно. Төрийн ямар ч завхаралд автахгүй дархлаатай болно. Эцэст нь "адгийн байгууламж" цэвэрших болно.

Жич: Боловсролд оруулж буй, Их Британы төрийн өмчит мэдээллийн хэрэгсэл, "БиБиСи"(BBC)-н хувь нэмэр их гэж боддог юм.

Жасмины гэгдэх хувьсгалууд

| | 0 сэтгэгдэл |

Жасмины хувьсгал гээч зүйл хойд африк, ойрхи дорнодыг хамран дэгдэж байна. Анх эхэлсэн газар нь дуу хоолой намжсан боловч, хэд хоногийн дараа Тахрирын хэмээх тодотголтойгоор нэгэн орны засгийг эргүүлж орхилоо. Энэ үйл явдал ч цаашаа цуцал дамжуулж, олон "хувьсгалчдад" урам зориг өгч байна.

Тахрирын энэ үйл явдлыг орчин цагийн мэдээлэл технологигүйгээр ойлгох аргагүй. Фэйсбүүкээр нэгнээ уриалж, Ютүүбээр мэдээлэл дамжуулж, Гүүглээр мэдээлэл хүртэж байж эл хувьсгал амжилт олсон. Дээрээс нь, бүх дэлхийг холбосон олон мэдээллийн сувгууд үнэтэй хувь нэмэр оруулж. Учир нь тэдэнгүйгээр энэ хувьсгал бидний чихэнд хоёр долоо хоногийн турш сонсогдооч үү үгүй ч үү.

Харин энэ хувьсгал, эдгээр хувьсгалууд юуг өгүүлж байна вэ. Мэдээж, бослого гаргаад, жагсаал цуглаан өрнүүлээд төрийн эрхтэн ямбатнаа авч хаяж байгааг бэлхнээ харж байна. Харин үүнээс ч чухал зүйл нь, нүд ирмэхийн зуур цугларсан олон нь тэр даруй зохион байгуулалтад орж болж байгааг ойлгож болно. Олон зуун хүний амь нас үрэгдсэн, балмад явдлууд  олон тохиолдсон боловч ийм явдал гаргахгүй байх боломжууд ч олон байсан.

Мэдээгээр харж байсан биз, дайны хажуугаар дажин гэгчээр хулгайч тонуулч нар олон гарч ирсэн. Гэхдээ түүнтэй зэрэгцээд "сайн дурын сэргийлэх" нар бүрэлдэж, өөрсдийн болон өрөөлийн эд хөрөнгийг хамгаалж эхэлсэн.

Хувьсгал гэхийн сургаар, эрх мэдэлд шунасан олон бүлгүүд ил гарч ирсэн боловч хувьсгалын толгойлогч нь ард иргэд өөрсдөө байж чадсаар ирсэн. Тэр дундаа, зохион байгуулагч, хөдөлгөгч хүч нь шинэ үеийн боловсролтой залуус байгаа нь гайхалтай.

Эдгээр болж өнгөрч буй хөдөлгөөнүүд бол орчин цагийн, шинэ үеийн илрэл юм. Төр гээч зүйл толгой дээр заларчихаад, хүлээ зангинаас нь хагацаж болдоггүй гэдэг цаг өнгөрсөн. Төрийн эрхрүү тэмүүлж, засгийн эрхээр өөрчлөлт шинэчлэлтийг эрхэлдэг цаг өнгөрсөн.

Хувьсгал бүхэн ийм санагддаг  айж магад. Гэвч хувьсгалын өнгө аяс нь өөрчлөгдөж байна. Арван наймхан хоногийн дотор болоод өнгөрсөн энэ өөрчлөлт давхар утга санааг илэрхийлж байна. Хувь хүний хүч, эрх мэдэл ихэсч байгааг илэрхийлж байна.

Жозеф Конрад - Харанхуйн дотор

| ангилал | 0 сэтгэгдэл |


Жозеф Конрадын бүтээлээс анх удаа уншсан минь энэ боловч түүхийн хар бараан үеэс эхлээд, хүний сэтгэлийн гүн дэх олон бодлуудыг харуулсан агуу зохиол гэж санагдлаа.
Өгүүлэгч буюу Марловын адал явдал, дотоод бодлуудаар тухайн орчин, уур амьсгалыг илэрхийлсэн.
Колончлол, боолчлолын хар бараан үеийн тухай ч бас асуудал дэвшүүлсэн.
Харин хамгийн чухал нь Курц хэмээх гайхалтай ч гэхүү, адгийн муухай ч гэхүү хүний байгуулсан бичил нийгмийн тогтолцоо Марловын нүдээр ямар харагдаж, Марлов тэнд байгаа бусдаас юугаараа ялгарч байгааг харуулдаг нь маш их таалагдсан.
Богиновтор боловч дотор нь ороод уншихаар их толгой гашилгахаар зохиол.

Нийгмийн цочрол гэж юу вэ.

| ангилал | 2 сэтгэгдэл |

Монголд эдийн засгийн их нүргэлээн болж байгаа л гэх юм. Хөгжил дэвлийн их үүд хаалга нээгдлээ л гэцгээх юм. Хэдэн орд газар нээгдээд, түүнийгээ тал талаас нь хувааж идэлцэх гээд намуудын дунд хагарал, олсон мөнгөө ард түмэндээ хуваана гэхийн сургаар иргэний бүртгэл мэдээллийн төв хавьцаа олны хөл тасрахгүй байгаа сурагтай.

Монголоос дамжуулагдаж байгаа мэдээнүүд ихэнх нь хардалт сэрдэлт, хараал зүхлээр дүүрэн байх юм. Энэ уурхайг тэр нь тийш нь худалдах гэж байгаа. Энэ намыг тэр нь ингэж бутаргаж байгаа гээд л.

Хэдэн жилийн өмнө Freaconomics гэх баримтад кино олон хүний анхаарлыг татаад амжсан. Эдийн засгийг ямар нэгэн цочролоор хөтөлж байгаа тухай өгүүлсэн кино лдоо. Монголд энэ л болоод байх шиг. Зөвхөн эдийн засаг гэлтгүй, нийгэм бүхэлдээ цочролоор удирдуулж байна. Аливаа хов жив цуу яриа манай нийгэмд томоохон хөдөлгөгч хүч болоод байгааг анзаарууштай.

Бодоод үзье. Өнөөдөр Монголд цэцэрлэгийн багачуулаас ч "Таван толгой" гэж юу болохыг асуухад хэлээд өгнө. Надаас асуусан бол "Арван таван толгойтой атгаалжин хар мангасны дүү" гэхээс өөр юм толгойд орохгүй байсан биз. Юу болоод байна вэ гэвэл, мэдээллийн халуурал.

Жон Лоу хэмээх Шотланд эр 1710 аад онуудад Францын эдийн засгийг атгаж байжээ. Тэр Америк дахь Францын мэдлийн Луйзиана-г Миссисипи компани болгож, өөрөө ихэнх хувьцааг нь эзэмшиж байсан. Компани болон Луйзианагийн талаархи дам яриа компанийх нь хувьцааг 10-20 дахин өсгөж байсан. Мэдээж эцэст нь Луйзианад очиж байдлыг нүдээр үзсэн хүмүүс нь тэнд үнэндээ компани гээд сүйдтэй юм байхгүйг гэрчилснээр хувьцаа ч унаж, нэгэнтээ "Би бол Эдийн Засаг" хэмээж байсан Жон Лоу ч тарчигтай тулсан.

Энэ бол түүх. Харин өнөөдөр бид дээрхитэй төстэй юуг харж байна вэ. Би дээрхээр, хэдэн ордууд маань үнэндээ хоосон гэж хэлэх гээгүй. Харин Лоу-н хувьд шууд утггаараа эдийн засгийн ашиг хонжоо харж байсан бол, харин Монголд,  дээрхи ордуудын ам дамжсан яриагаар улс төрчид өөрсдийн кариераа хөөрөгдүүлдэг хэрэгсэл болжээ.

Ан хийж үзсэн болон сонссон хэн боловч отолт, үргээлт гэж юу болохыг мэдэх байх. Сүрэг адгуусыг нэг талаас нь үргээгээд өгвөл нөгөө зүгрүүгээ давхилдана. Энэ үед сүрэг доторхи хөл толгой алдагдаж, аюулаас хамгаалдаг тогтолцоо ч үгүй болно. Анчид энэ л үеийг отож суудаг.

Нийгэмд ч гэсэн өөрийгөө хамгаалах тогтолцоо бий. Оюунлаг шийдвэр, түүнийг бий болгодог боловсрол, ёс суртахуун гэж зүйл байдаг. Харин цочролоос болж үүнийгээ алдах явдал олон. Энэ үеийг отож суух улс төрчид ч олон байна.

Бүхнийг шинээр!!!

| ангилал | 0 сэтгэгдэл |

Улаанбаатар хотыг нэрнээс нь авахуулаад, зохион байгуулалт, инжинерчлэл, дэд бүтэц, утаа-хог, оршин суугчидыг нь хүртэл аль болж бүтэхгүй бүхний үүр мэтээр ярих нь элбэг болсон. Ёстой л нөгөө "Луйврын Хот" болсон бололтой. Зөвхөн төрөлх хот маань бус, эх орон маань ийм нөхцөлд байгаа тухай хүн болгон ам булаалдан ярьж байна. Монголын тухай ийм яриаг сонсоход жихүүдэс төрж уур хүрмээр ч гэсэн, үгийн учиг нь бидэнд байгаа гэдгийг ойлгож байна. Алдаа байвал засах ёстой нь, цуурхал байвал залруулах ёстой нь бид гэдэг нь ч ойлгомжтой.
Дэлхийн олон хотуудын адил, Улаанбаатар хот маань ч нэгэн цагт шашин номын төв байсан. Зарим хотууд цэргийн бэхлэлт, зарим нь худалдааны төв, зарим нь загасчдын тосгоноос түүх нь эхэлдэг бол миний хот Богдын Хүрээнээс эхтэй. Түүхийн явцад хүн ам нь олширч, түүнийгээ дагаад ус шуудаг, бохир гээд бүх л суурин газарт нүүрлэдэг зовлонг амссаар ирсэн. Их Хүрээний тухай өгүүлсэн зохиолуудад гардагчлан, үмхий самхай, утаа тортогтоо дарагдсан газар байсан гэдэг. Одоо ч нэг их ялгарах юмгүй л байгаа.
Монголчууд маань уг нь нүүдлийн соёл иргэншилтэй. Суурьшиж эхэлсэн нь гэвэл сүүлийн зуун жилийн л яриа болох байх. Тэрнээс өмнөх нь лам нар болж таарах биз. Гэхдээ эртний балгад, бүр сайн ярих юм бол Дэлхийн төвүүдийн нэгийг нь байгуулж байсан гэж бодохлээр суурин соёл ч бидний хувьд тийм залуу ухагдахуун биш болчихно. Даанч нэг суусан газраа дахиж суухгүй юм шиг аргилдаг хотыхныгоо харахлээр нүүдэлчин, бүр хэрэн хэсүүчлэгч нарын удам байждээ л гэмээр.
За яахав, хот суурин маань нийгмийн хөгжлөө дагаад, нийгэм нь эдийн засгаа дагана, эдийн засаг нь улс төрчдийн гарт байнуудаа гэхлээр бас үгүй ч бололтой. Сонгуульд ялахын тулд баахан амлана, ам гарчихаад нүүр буруулна эсвэл амласнаа биелүүлнэ гээд хүний толгойд яаж ордог юм гэмээр үйлдэл хийх юм. Уг нь "улс төр" гэдэг ухагдахуун хамгийн эртний шинжлэх ухаануудын нэг гэдэг юм. Тэр ухагдахууныг ч бид хараахан ойлгож амжаагүй гэлтэй.
Дэлхий маань эргэдгээрээ эргэж, нар сар ээлжлээд цаг явж байна. Тэгтэл болохгүй бүхнээ өнөө дуусдаггүй "шилжилтийн үе" гэсэн ойлголтруу шидчихээд, болж байгаа бүхэндээ "Монгол хүн ухаантай" гэдэг сайхан чимэг гаргаад хадчих юм. Тэгээд зогсохгүй, гуйлга гуйх болохоороо ядуу буурайгаа зарлан тунхагладаг мөртлөө, яагаад ядуу хэвээрээ буйгаа сонсохыг ч хүсдэггүй бардам Монголчууд. Төрийн түшмэд гадагш явахлээрээ, ард түмэндээ зурагтаар үзүүлэх юм хоёрыг авчирдаг нь: Зээл тусламжийн олон оронтой амлалт, ханыхаа тавиурт нэг дурсгалын тэмдэг хоёр.
Ахиад л дэлхий эргэж, цаг урагшилсаар... Бидний мөнхийн хөрш урд газрын аварга болж, айл амьтныг айлгахыг нь айлгаад аврахыг нь авраад байна. Дэлхийн тэнхлэг Америк байсан цаг дуусчихаж. Даажигнасан юм шиг, дахин Бээжинд ертөнцийн хэргийг шийдэлцдэг болоод байхад, найман зууны өмнөх эзэд нь Их Хэрэмний хойноос өнгийж ч чадахгүй болсон байх юм.

Гэхдээ эх орныхоо болохгүй бүтэхгүйг нь би хараагаад байх ч хэн юм билээ. Болохгүй байна гээд уруу хараад дорой царайлаад суух ч юу юм билээ. Засах шийдэх юм олон байгааг нь харлаа. Асуулт нь мэддэг чаддаг болтлоо өөрийгөө бэлдээд л байхуу, мэддэг гэж бодсоноосоо эхлээд хийгээд л байхуу гэдэг байна. Толгой гашилгаж байна аа. Болдог бол дахиад шинээр эхлүүлчих юмсан. Яг би энэ блогоо удаан бичихгүй байгаад өнөөдөр шинээр товчлуур нүдэж эхэлдэг шиг. Бурхан миний эх орныг ивээг

 
OCHUS блогоор зочилсонд тань баярлалаа