Бүхнийг шинээр!!!

| ангилал | |

Улаанбаатар хотыг нэрнээс нь авахуулаад, зохион байгуулалт, инжинерчлэл, дэд бүтэц, утаа-хог, оршин суугчидыг нь хүртэл аль болж бүтэхгүй бүхний үүр мэтээр ярих нь элбэг болсон. Ёстой л нөгөө "Луйврын Хот" болсон бололтой. Зөвхөн төрөлх хот маань бус, эх орон маань ийм нөхцөлд байгаа тухай хүн болгон ам булаалдан ярьж байна. Монголын тухай ийм яриаг сонсоход жихүүдэс төрж уур хүрмээр ч гэсэн, үгийн учиг нь бидэнд байгаа гэдгийг ойлгож байна. Алдаа байвал засах ёстой нь, цуурхал байвал залруулах ёстой нь бид гэдэг нь ч ойлгомжтой.
Дэлхийн олон хотуудын адил, Улаанбаатар хот маань ч нэгэн цагт шашин номын төв байсан. Зарим хотууд цэргийн бэхлэлт, зарим нь худалдааны төв, зарим нь загасчдын тосгоноос түүх нь эхэлдэг бол миний хот Богдын Хүрээнээс эхтэй. Түүхийн явцад хүн ам нь олширч, түүнийгээ дагаад ус шуудаг, бохир гээд бүх л суурин газарт нүүрлэдэг зовлонг амссаар ирсэн. Их Хүрээний тухай өгүүлсэн зохиолуудад гардагчлан, үмхий самхай, утаа тортогтоо дарагдсан газар байсан гэдэг. Одоо ч нэг их ялгарах юмгүй л байгаа.
Монголчууд маань уг нь нүүдлийн соёл иргэншилтэй. Суурьшиж эхэлсэн нь гэвэл сүүлийн зуун жилийн л яриа болох байх. Тэрнээс өмнөх нь лам нар болж таарах биз. Гэхдээ эртний балгад, бүр сайн ярих юм бол Дэлхийн төвүүдийн нэгийг нь байгуулж байсан гэж бодохлээр суурин соёл ч бидний хувьд тийм залуу ухагдахуун биш болчихно. Даанч нэг суусан газраа дахиж суухгүй юм шиг аргилдаг хотыхныгоо харахлээр нүүдэлчин, бүр хэрэн хэсүүчлэгч нарын удам байждээ л гэмээр.
За яахав, хот суурин маань нийгмийн хөгжлөө дагаад, нийгэм нь эдийн засгаа дагана, эдийн засаг нь улс төрчдийн гарт байнуудаа гэхлээр бас үгүй ч бололтой. Сонгуульд ялахын тулд баахан амлана, ам гарчихаад нүүр буруулна эсвэл амласнаа биелүүлнэ гээд хүний толгойд яаж ордог юм гэмээр үйлдэл хийх юм. Уг нь "улс төр" гэдэг ухагдахуун хамгийн эртний шинжлэх ухаануудын нэг гэдэг юм. Тэр ухагдахууныг ч бид хараахан ойлгож амжаагүй гэлтэй.
Дэлхий маань эргэдгээрээ эргэж, нар сар ээлжлээд цаг явж байна. Тэгтэл болохгүй бүхнээ өнөө дуусдаггүй "шилжилтийн үе" гэсэн ойлголтруу шидчихээд, болж байгаа бүхэндээ "Монгол хүн ухаантай" гэдэг сайхан чимэг гаргаад хадчих юм. Тэгээд зогсохгүй, гуйлга гуйх болохоороо ядуу буурайгаа зарлан тунхагладаг мөртлөө, яагаад ядуу хэвээрээ буйгаа сонсохыг ч хүсдэггүй бардам Монголчууд. Төрийн түшмэд гадагш явахлээрээ, ард түмэндээ зурагтаар үзүүлэх юм хоёрыг авчирдаг нь: Зээл тусламжийн олон оронтой амлалт, ханыхаа тавиурт нэг дурсгалын тэмдэг хоёр.
Ахиад л дэлхий эргэж, цаг урагшилсаар... Бидний мөнхийн хөрш урд газрын аварга болж, айл амьтныг айлгахыг нь айлгаад аврахыг нь авраад байна. Дэлхийн тэнхлэг Америк байсан цаг дуусчихаж. Даажигнасан юм шиг, дахин Бээжинд ертөнцийн хэргийг шийдэлцдэг болоод байхад, найман зууны өмнөх эзэд нь Их Хэрэмний хойноос өнгийж ч чадахгүй болсон байх юм.

Гэхдээ эх орныхоо болохгүй бүтэхгүйг нь би хараагаад байх ч хэн юм билээ. Болохгүй байна гээд уруу хараад дорой царайлаад суух ч юу юм билээ. Засах шийдэх юм олон байгааг нь харлаа. Асуулт нь мэддэг чаддаг болтлоо өөрийгөө бэлдээд л байхуу, мэддэг гэж бодсоноосоо эхлээд хийгээд л байхуу гэдэг байна. Толгой гашилгаж байна аа. Болдог бол дахиад шинээр эхлүүлчих юмсан. Яг би энэ блогоо удаан бичихгүй байгаад өнөөдөр шинээр товчлуур нүдэж эхэлдэг шиг. Бурхан миний эх орныг ивээг

0 сэтгэгдэл:

 
OCHUS блогоор зочилсонд тань баярлалаа