Жасмины гэгдэх хувьсгалууд

| | |

Жасмины хувьсгал гээч зүйл хойд африк, ойрхи дорнодыг хамран дэгдэж байна. Анх эхэлсэн газар нь дуу хоолой намжсан боловч, хэд хоногийн дараа Тахрирын хэмээх тодотголтойгоор нэгэн орны засгийг эргүүлж орхилоо. Энэ үйл явдал ч цаашаа цуцал дамжуулж, олон "хувьсгалчдад" урам зориг өгч байна.

Тахрирын энэ үйл явдлыг орчин цагийн мэдээлэл технологигүйгээр ойлгох аргагүй. Фэйсбүүкээр нэгнээ уриалж, Ютүүбээр мэдээлэл дамжуулж, Гүүглээр мэдээлэл хүртэж байж эл хувьсгал амжилт олсон. Дээрээс нь, бүх дэлхийг холбосон олон мэдээллийн сувгууд үнэтэй хувь нэмэр оруулж. Учир нь тэдэнгүйгээр энэ хувьсгал бидний чихэнд хоёр долоо хоногийн турш сонсогдооч үү үгүй ч үү.

Харин энэ хувьсгал, эдгээр хувьсгалууд юуг өгүүлж байна вэ. Мэдээж, бослого гаргаад, жагсаал цуглаан өрнүүлээд төрийн эрхтэн ямбатнаа авч хаяж байгааг бэлхнээ харж байна. Харин үүнээс ч чухал зүйл нь, нүд ирмэхийн зуур цугларсан олон нь тэр даруй зохион байгуулалтад орж болж байгааг ойлгож болно. Олон зуун хүний амь нас үрэгдсэн, балмад явдлууд  олон тохиолдсон боловч ийм явдал гаргахгүй байх боломжууд ч олон байсан.

Мэдээгээр харж байсан биз, дайны хажуугаар дажин гэгчээр хулгайч тонуулч нар олон гарч ирсэн. Гэхдээ түүнтэй зэрэгцээд "сайн дурын сэргийлэх" нар бүрэлдэж, өөрсдийн болон өрөөлийн эд хөрөнгийг хамгаалж эхэлсэн.

Хувьсгал гэхийн сургаар, эрх мэдэлд шунасан олон бүлгүүд ил гарч ирсэн боловч хувьсгалын толгойлогч нь ард иргэд өөрсдөө байж чадсаар ирсэн. Тэр дундаа, зохион байгуулагч, хөдөлгөгч хүч нь шинэ үеийн боловсролтой залуус байгаа нь гайхалтай.

Эдгээр болж өнгөрч буй хөдөлгөөнүүд бол орчин цагийн, шинэ үеийн илрэл юм. Төр гээч зүйл толгой дээр заларчихаад, хүлээ зангинаас нь хагацаж болдоггүй гэдэг цаг өнгөрсөн. Төрийн эрхрүү тэмүүлж, засгийн эрхээр өөрчлөлт шинэчлэлтийг эрхэлдэг цаг өнгөрсөн.

Хувьсгал бүхэн ийм санагддаг  айж магад. Гэвч хувьсгалын өнгө аяс нь өөрчлөгдөж байна. Арван наймхан хоногийн дотор болоод өнгөрсөн энэ өөрчлөлт давхар утга санааг илэрхийлж байна. Хувь хүний хүч, эрх мэдэл ихэсч байгааг илэрхийлж байна.

0 сэтгэгдэл:

 
OCHUS блогоор зочилсонд тань баярлалаа