Захидал (Баабар - ХҮЧИРХЭГ ТӨР ЗӨВ МЕХАНИЗМТАЙ БАЙХ ЁСТОЙ)

| ангилал | |

http://baabar.niitlelch.mn/content/2930.shtml

Хүчирхэг төр, сайн механизмтай төрийн тухай саналаа дэлгэсэн ноён Баабарын нийтлэлд хариу бичих хэрэгтэй санагдлаа.

Төр хэмээх хүчирхэг нийгмийн аппарат үүсээд олон зуун жил болсон ч гэсэн өнөөгийн төр гэгдээд байгаа ардчилсан нийгэм дэх төр бол нялх хэвээрээ юм. Өмнөх төр нь яг л Бастиагийн хэлснээр бусдын хөлс хүчээр амьдрагсдын цуглуулга байсан нь гарцаагүй. Энэ нь ч зөв юм. Хэн хүчтэй нь төрийг бий болгож, бусдаар хүндлүүлж, татвар/хураамж цуглуулж түүгээрээ эрх ямбыг эдлэнэ. Харин үүнийхээ хариуд бусдыгаа хамгаална. Энэ мэдээж нийгмийн хамгийн энгийн томьёонуудын нэг.

Дарангуйлагч төр бол дорнын соёл иргэншлийн онцгой шинж чанар гэж бодогддог. Дарангуйлагч гэхээсээ илүү, нэгдмэл нэг цул гэж хэлж болох юм. Бүх зүйл төрийн хараанд, төрийн мэдэлд, төрийн ивээлд. Хятадууд ч мөн адил сэтгэлгээтэй. Япон ч, Солонгос ч,Зүүн-Өмнөд Азийн олон орон мөн ялгаагүй. Ийм учраас бид ЭВ-Нэгдэл гэдэг үгийг Эрх-Чөлөө гэдэг үгнээс эрхэмд үздэг. Ийм учраас бид ТӨР гэдэг зайлшгүй хэмээн итгэдэг.

Өнөөгийн төр юугаараа ялгаатай тухай ноён Баабар өгүүлжээ. Гэхдээ дахин бодоод үзье: Мэдлэгтэй чадвартай нараа сонгоод, татварын мөнгөөр цалинжуулаад байдаг үндсэн томьёонд онцгой өөрчлөлт харагдахгүй байна. Тодрох ялгаа нь: төрд гарсан нэгнээ заавал бослого, хядлагагүйгээр буулгаад авч болдог болсонд л байгаа болов уу.

Энэ нийтлэлээрээ ноён Баабар төрийг бузар булайгийн үүр гэхгээгүйг ойлгож байна. Гагцхүү зөв механизм хэрэгтэйг сануулж байна. "Цагийн зүү шиг". Үүн дээрээ өнөөдрийн Монголд байнгын асуудал болсон авилга, хүнд суртлуудыг дурдаж алдаатай механизмаас үүдсэн муу муухайг жагсаажээ.

Харин би ийм бодолтой байна.
Төрд "цагийн зүү" мэт механизм, луужин шиг чиглэл байх учиргүй. Гадаад дотоод эдийн засаг, технологи гээд хүн нь хүртэл хувьсан өөрчлөгдөж байгаа орчинд төгс функц гэж байхгүй.
Чиглэлгүй болоод тодорхой механизмгүй гэхлээр хэн хүнд ч тэнэг санагдах нь ойлгомжтой хэрэг. Гэвч, хүний нийгмийн хувьд, асуудлыг компютер, сканнераар шийддэг бус, үргэлж динамик хувьсамтгай, органик байх нь зүйн хэрэг гэж бодогдож байна.Сүрэг галуу өмнийг зориход, тодорхой чиглэл, аюул тохиоход шийдэх механизм хэрэгтэй. Гэтэл бүтэн нийгэм гэдэг бол ондоо зүйл.

Төрийн төлөө, бүхний эрх ашгийн төлөө гээд улаан тугаа намируулаад байгаа нь өөрөө луйварчин гэж хэлж байна. Үнэхээр, ардчилсан бай, диктатурт бай, омгийн зохион байгуулалттай бай, бусдын сайн сайхны төлөө гэж төрд зүтгэх хүн олдохгүй. Тийм юм бол авилга, эрх ашгийн зөрчлийг яаж алгах болгох билээ. Ямар ч механизм байлаа гэсэн, ТӨР гэдэг бол нэгэн том аппарат. Төрийн гурван эрх мэдэлд салгаж хуваалаа ч гэсэн хяналтгүйгээр авилгал явагдах боломж дүүрэн байна. Тэгхээр энэ механизмын алдаа биш.

Хөл бөмбөгийг олон хүн үзэх дуртай. Тамирчдын ур чадвар, талбай дээрхи зохион байгуулалт нь сонирхол татахаас гадна, бороо цаснаас эхлээд хөгжөөн дэмжигчид, шүүгчийн үзэл бодол гээд эл тоглолт явагдах орчин тоглоомын үр дүнд маш том өөрчлөлт оруулдаг, амьд спорт учраас юм болов уу.
Хүний нийгэм мөн адил. Эрх баригч намын, хүний, тэдний эхнэр хүүхэд ч хүртэл төрийн чиг баримжаанд нөлөөлдөг байх ёстой. Үүнийг ил тод хэлэхэд инээдтэй ч, хэзээд ийм байсаар ирсэн. Ингэж байж, адгуусны бус алгоритмын бус хүний нийгэм хэмээгдэх бизээ.

Харин эл нийтлэлийн гол санаа болсон: зүйт төрийн тухай ганцхан санал байна.
Энэ бол боловсрол. Юу гэж хариулж, юу гэж асуухыг заадаг боловсрол бус өөрөөр бодож, өөрөөр хариулахыг таниулдаг боловсрол хэрэгтэй. "Олон бодлын дундаас чөлөөтэй сонгох боломж нэмэгдэхийг жинхэнэ хөгжил" гэдэг.
Боловсролтой монголчуудыг бэлтгэхэд авилгал том саад болохгүй гэж боддог. Боловсролтой иргэд бол төрийн ямар ч механизмд өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болно. Төрийн ямар ч завхаралд автахгүй дархлаатай болно. Эцэст нь "адгийн байгууламж" цэвэрших болно.

Жич: Боловсролд оруулж буй, Их Британы төрийн өмчит мэдээллийн хэрэгсэл, "БиБиСи"(BBC)-н хувь нэмэр их гэж боддог юм.

0 сэтгэгдэл:

 
OCHUS блогоор зочилсонд тань баярлалаа